Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар виртуал хөрөнгийн ашгаас авах 22 хувийн татварыг дөрөв дэх удаагаа хойшлуулах талаар хэлэлцэж байгаа бөгөөд хууль тогтоогчид болон салбарынхны дунд уг хугацааг 2029 он болгох санал дэмжлэг авч байна.
Анх 2020 онд Орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр жилд 2.5 сая вон буюу 1,888 ам.доллароос дээш крипто ашгаас улсын 20 хувь, орон нутгийн 2 хувийн татвар авахаар тусгасан юм. Уг татварыг хэрэгжүүлэх хугацааг анх 2022 он гэж тогтоосон ч татварын систем болон хөрөнгө оруулагчдыг хамгаалах орчин бүрдээгүй гэх шалтгаанаар 2023, 2025, улмаар 2027 оны нэгдүгээр сарын 1 болгон дараалан хойшлуулаад байв.
АНУ-ын мэдээлэл солилцоо ба зохицуулалтын асуудал
Татварыг 2029 он хүртэл хойшлуулах гол шалтгаан нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Крипто хөрөнгийн тайлагналын тогтолцоотой холбоотой аж. Тус стандартын дагуу улс орнуудын татварын байгууллагууд арилжааны мэдээллийг хоорондоо солилцдог бөгөөд Өмнөд Солонгос 2027 онд мэдээлэл солилцож эхлэх эхний бүлэгт багтсан бол АНУ 2029 онд нэгдэх хуваарьтай байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчийн мэдээлснээр АНУ-ын арилжааны дата байхгүй байх нь хамгийн том саад болж буй гэнэ. Учир нь энэ мэдээлэлгүйгээр гадаад арилжааг бүрэн хянахад хүндрэл учирч, дотоодын биржийн арилжаа эрхлэгчид илүү их татварын дарамтад орох эрсдэл үүсдэг байна.
Хууль тогтоогчдын санал, олон нийтийн шахалт
Аравдугаар сарын 16-нд Ардчилсан намын гишүүн Пак Мин Гю болон 13 гишүүн олон улсын анхны дата солилцооноос хойш хоёр дахь оны нэгдүгээр сар буюу 2029 он хүртэл татварыг хойшлуулах хуулийн төсөл өргөн барьжээ. Мөн Ардын эрх намын гишүүн Сон Он Сок уг татварын заалтыг хуулиас бүрмөсөн хасах тусдаа төсөл өргөн мэдүүлсэн байна. Солонгосын Дижитал хөрөнгийн бизнесийн холбоо ч уг 2029 оны хугацааг дэмжиж, татвар ногдуулахаас өмнө хөрөнгө оруулагчийг хамгаалах шаардлагатай хуулийг батлахыг шаардсан байна.
Түүнчлэн татварыг цуцлах болон хоёр жилээр хойшлуулах тухай тус бүр 50,000 гаруй иргэний гарын үсэгтэй хоёр нийтийн өргөдөл парламентад хүрсэн байна. Сангийн сайд Ли Хён Ил болон Санхүүгийн үйлчилгээний хорооны дарга Ли Ог Вон нар салбарынхан болон парламентын саналыг бүрэн харгалзан үзэж шийдвэр гаргахаа мэдэгджээ. Засгийн газар аудит дууссаны дараа эцсийн байр сууриа нэгтгэж, 11-р сарын сүүлээс 12-р сарын эхээр татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эцсийн шийдвэрээ гаргахаар хүлээгдэж байна.