АНУ-ын цэргийн хүчин Ираны эсрэг гурав дахь шөнөө дараалан цэргийн ажиллагаа явууллаа. Энэхүү цохилтыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шууд зааварчилгааны дагуу АНУ-ын Төв командлал гүйцэтгэж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны усан тээвэрт блокада буюу хөл хорио тогтоохоо мэдэгдлээ. Тэрээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг хамгаалалтад авахын тулд 20 хувийн хураамж авах санал гаргаад байна.

Дональд Трамп "Hugh Hewitt Show" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ираны эсрэг чиглэсэн цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлж, "Бид өнөө шөнө Иранд маш хүчтэй цохилт өгнө, маргааш ч бас хүчтэй цохино. Тэд үүнд ямар ч хариу үйлдэл үзүүлж чадахгүй" хэмээн мэдэгджээ.

Энэхүү үйл явдал нь Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) танкерууд Ормузын хоолойд халдлагад өртсөний дараа өрнөж байгаа юм. Одоогоор тус бүс нутаг дахь нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.