АНУ-ын 7-р сарын 4-ний тусгаар тогтнолын баяр болон 2026 оны FIFA-гийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн үйл явдлуудтай холбоотойгоор хуучны есөн алдартай дуу Billboard Hot 100 чартад дахин бүртгэгдлээ. Энэхүү жагсаалтыг талийгаач дуучин Тоби Кит-ийн “Courtesy of the Red, White and Blue (The Angry American)” дуу тэргүүлж, 11-р байранд орсон байна.

Luminate байгууллагын мэдээлснээр, тус дууны стриминг тоо 198 хувиар өсөж, 15.3 саяд хүрсэн нь чартад эргэн гарахад гол нөлөө үзүүлжээ. Энэ нь 2024 онд таалал төгссөн дуучны хувьд Billboard Hot 100 чартад бичигдсэн хамгийн өндөр амжилт болж байна.

Мөн хэдэн арван жилийн турш чартын гадна байсан хамтлаг, дуучдын бүтээлүүд дахин сэргэв. Тухайлбал, Америкийн рок хамтлаг Lynyrd Skynyrd-ийн “Sweet Home Alabama” дуу 31-р байранд орсон нь 1978 оноос хойших анхны тохиолдол болжээ. Түүнчлэн алдарт Journey хамтлагийн “Don’t Stop Believin’” дуу 1997 оноос хойш анх удаа 35-р байранд эргэн ирсэн байна. Энэ дууг Сиэтл хотын Lumen Field цэнгэлдэх хүрээлэнд 67,000 үзэгч нэгэн дуугаар дуулсан нь чартад нөлөөлжээ.

Үүнээс гадна талийгаач дуучин Жон Денвер-ийн “Take Me Home, Country Roads” дуу 41-р байранд орсон байна. Тэрээр 1984 оноос хойш уг чартад гарч байгаагүй юм. Эдгээрээс гадна Майли Сайрус, Zac Brown Band, Брюс Спрингстин, Creedence Clearwater Revival болон Кенни Чесни нарын дуунууд чартын тодорхой байруудад эргэн оржээ.