«Арслан хаан» (The Lion King) хүүхэлдэйн киноны алдарт «Circle of Life» дууны Зулу хэл дээрх дууллыг зохиосон хөгжмийн зохиолч Лебо М (Лебоханг Мораке) хошин урлагийн жүжигчин Лернмор Жонасигийн эсрэг үүсгэсэн шүүхийн заргаа албан ёсоор татаж авлаа.
Хэрэг үүсгэсэн шалтгаан нь Лернмор Жонасигийн нэгэн подкастын үеэр хийсэн хошин яриатай холбоотой юм. Жүжигчин залуу уг дууны эхэнд гардаг дууллыг «Хааныг хараач, бид бүгд хааны өмнө бөхийж байна» гэсэн утгатай биш, харин «Хараач, тэнд арслан байна. Бурхан минь» хэмээн хошигносон нь цахим орчинд хүчтэй тархсан билээ. Үүний дараа Лебо М уг хошигнолыг бүтээлч ажлыг нь гутаасан хэмээн үзэж, 27 сая долларын нөхөн төлбөр нэхэмжилж байв.
Гэвч шүүхийн үйл явцын дундуур Жонасигийн өмгөөлөгчид энэхүү шүүх хурал нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон «үндэслэлгүй» зарга болохыг мэдэгдэж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан байна. Улмаар долдугаар сарын 10-нд холбооны шүүгч Лебо М-ийн сайн дураараа заргаа татаж авсныг үндэслэн хэргийг хаажээ.
Хэргийг хаасан ч гэсэн Жонасигийн өмгөөлөгч Брайан Салливан үйлчлүүлэгчийнхээ өмнөөс шүүхийн зардлыг Лебо М-ээр төлүүлэхээр шаардахаа мэдэгдлээ. Тэдний үзэж буйгаар энэхүү зарга нь үндэслэлгүй байсан бөгөөд үг хэлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл хэмээн тодорхойлсон байна. Харин Лебо М өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү шийдвэрийг талууд харилцан тохиролцсон хэмээн тайлбарлаж, ямар нэгэн ялагдал хүлээгээгүй гэдгээ онцолжээ.