Америкийн алдарт хардкор урсгалын Turnstile хамтлаг өөрсдийн төрөлх хотын "Балтимор Ориолс" бэйсболын багийн нэрэмжит үдэшлэгт оролцжээ. Тус баг өнгөрсөн баасан гарагт хамтлагтаа зориулан тусгай арга хэмжээ зохион байгуулсан байна.

Энэ үеэр багийнхан хамтлагийн нэр бүхий тусгай загварын өмсгөлүүдийг худалдаалсан бөгөөд урд талдаа "Orioles", ар талдаа "Turnstile" гэсэн бичигтэй байжээ. Түүнчлэн хамтлагийн таван гишүүн тус бүр бэйсболын талбайд гарч, бөмбөг шидэлтийн ёслолд оролцсон байна. Арга хэмжээний хүрээнд хөгжөөн дэмжигчдэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа болж, хамтлагийн гишүүд багийн "Chief Hydration Officer" буюу усжуулалтын албаны дарга "Mr Splash"-тэй хамтран багаа оноо авах бүрт хөгжөөн дэмжигчдийг усаар шүршиж баярлажээ.

Тус баг тухайн тоглолтод Канзас Сити Роялс багийг 5-3 харьцаагаар хожсон байна. Turnstile хамтлагийн хувьд удахгүй Их Британид болох тоглолтууддаа бэлтгэж байгаа бөгөөд Tyler, The Creator-ийн тоглолтын өмнө тайзнаа гарахаар төлөвлөжээ.