Австралийн бие даасан хөгжмийн паблишинг болон синк чиглэлээр мэргэшсэн Gaga Music компани Их Британийн Лондон хотод төвтэй Warp Publishing компанитай шинэ түншлэл байгуулснаа зарлалаа. Энэхүү мэдэгдлийг Брисбэнд болох 2026 оны “BIGSOUND” хурлын өмнөх өдөр буюу 8 дугаар сарын 31-ний Даваа гарагт хийсэн байна.

Хоёр бие даасан компани 2017 оноос хойш хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Анхандаа “Gaga Music” нь Австрали болон Шинэ Зеландад “Warp Publishing”-ийн бүтээлүүдийг төлөөлдөг байсан бол дараа нь “Warp” Их Британид “Gaga”-ийн каталогийг төлөөлөн ажиллах болжээ. Харин шинэ хэлэлцээрийн хүрээнд “Warp” нь “Gaga Music”-ийн үүсгэн байгуулагч Грант Гиллис-тэй хамтран тус компанийн идэвхтэй хамтрагч болж байна. Үүнтэй зэрэгцэн “Warp Publishing”-ийн захирал Тео Сеффусатти болон ерөнхий менежер Надин Риезу нар “Gaga”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогджээ.

Энэхүү шинэ хамтын ажиллагаа нь дуу зохиогчид, хөгжмийн зохиолчдын хувьд дэлхийн зах зээлд гарах боломжийг тэлэх ёстой гэж мэдэгдэлд дурдсан бөгөөд санхүүгийн нарийвчилсан нөхцөлийг зарлаагүй байна. Шинэ зохицуулалтын хүрээнд “Gaga Music” нь хуучин түнш байсан “Inertia Music”-ээс бүрэн салжээ.

Хамтрагч талуудын тухай

2007 онд байгуулагдсан Gaga Music нь 100,000 гаруй бүтээлийг удирддаг бөгөөд Мельбурн, Сидней, Окленд хотуудад салбартай үйл ажиллагаа явуулдаг. Тэдний каталогид Third Side Music, Arts & Crafts, Secretly Canadian, PIAS, Thrill Jockey, City Slang, Low Profile, Erased Tapes зэрэг байгууллагын бүтээлүүд багтдаг аж.

Харин Лондон болон Лос-Анжелест оффистой Warp Publishing нь 15 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Kelvin Krash, Danny Brown, Yves Tumor, Kelsey Lu, Daniel Lopatin, Khruangbin, Death Grips, Caterina Barbieri, Kwes, Dry Cleaning, Bibio, Boards of Canada зэрэг олон уран бүтээлчдэд хөгжмийн паблишингийн үйлчилгээ үзүүлдэг нэр хүндтэй компани юм.