Бродвейн алдарт жүжигчин, R&B дуучин Стефани Миллс саяхан “The Jason Lee Show” нэвтрүүлэгт оролцохдоо попын од Лэди Гагатай холбоотой таагүй дурсамжаа хуваалцаж, түүнийг "соёлын шимэгч" (culture vulture) хэмээн тодорхойлжээ.

Миллсийн ярьснаар олон жилийн өмнө Нью-Йорк хотод болсон зургийн авалтын үеэр Лэди Гагагийн багийнхан түүнээс 1975 оны “The Wiz” жүжгийн нэрийн хуудас болсон “Home” дуугаа дуулж гэнэтийн бэлэг барихыг хүссэн байна. Гага энэ дуунд дуртай хэмээн ятгасны эцэст Миллс зөвшөөрчээ.

Гэвч дуулж дууссаны дараа нөхцөл байдал төсөөлснөөс нь тэс өөрөөр эргэсэн аж. Миллс энэ тухай өгүүлэхдээ: "Би түүнд зориулж дуулсан ч тэр инээмсэглээгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Намайг хоёр толгойтой хүн шиг л харж байсан. Дуулж дуусаад бид зураг авахуулсан боловч явахаас өмнө бүх зургаа устгахыг шаардаж, зураг бүрийг устгаж байгааг хартлаа биднийг гаргаагүй. Энэ бол маш их хүндэтгэлгүй явдал байсан" гэжээ. Тэрбээр Гагаг өөрөөс нь уучлалт гуйх ёстой хэмээн үзэж байгаагаа шулуухан илэрхийлсэн байна.

Мөн Миллс Гагаг яагаад соёлын шимэгч гэж үзэж буйгаа тайлбарлахдаа: "Түүнийг хар арьст менежерүүд удирдаж байсан, тэр бас Ар Келлитэй хамтарч дуу гаргасан" гэсэн байна. Энэ үеэр нэвтрүүлгийн хөтлөгч Жэйсон Ли нэмж "Дараа нь тэр Тони Беннетттэй хамтарч, бүх хар арьст хүмүүсийг мартсан" хэмээн хэлжээ. Үүнд Миллс "Би түүнийг биширдэг байсан ч одоо тийм биш. Гэхдээ би хүн бүрийг хүндэлдэг" хэмээн нэмж өгүүлсэн байна.

Түүнчлэн Миллс хар арьст уран бүтээлч эмэгтэйчүүдийг хооронд нь дайсагнуулах хандлагын талаар хөндөж, өөрийгөө Дайана Росстой хэзээ ч муудалцаж байгаагүй хэмээн тайлбарлажээ. Одоогоор “Billboard” сэтгүүл Гагагийн төлөөлөгчдөөс тайлбар авахаар хандсан байна.