Дэлхийн поп-рок хөгжмийн ертөнцийн домог, өвөрмөц хоолойгоороо танигдсан дуучин Бонни Тайлер таалал төгссөнтэй холбогдуулан түүний гэр бүлээс салах ёс гүйцэтгэх ёслолын хуваарийг зарлалаа.
Португал улсад эмчлүүлж байхдаа 75 насандаа таалал төгссөн дуучны дурсгалыг хүндэтгэх ёслол наймдугаар сарын 17-ны Даваа гарагт Уэльс дэх Суонси хотын Гэгээн Мариагийн сүмд болох юм. Түүнээс хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 15-ны Бямба гарагт талийгаачийн шарилыг түүний төрсөн нутаг болох Мамблс дахь гэрт нь авчрах ажээ.
Энэ үеэр олон нийтэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болох бөгөөд фенүүд нь Ньютон роуд гудамжинд жагсан, цувааг үдэж өгөх боломжтой юм. Мөн оршуулгын ёслолын өмнө цуваа түүний бага насаа өнгөрүүлсэн Скюэн тосгоноор дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ.
Бонни Тайлер нь “Total Eclipse of the Heart”, “It’s a Heartache”, “Holding Out for a Hero” зэрэг олон арван жилийн турш дэлхий даяар сонсогдсон хит дуунуудаараа алдаршсан уран бүтээлч байв. Түүний гэр бүлийн зүгээс цэцэг өргөхөөс татгалзаж, харин түүний дэмжиж ирсэн хүүхдийн эмнэлэг болон буяны байгууллагуудад хандив өргөхийг хүсжээ.