Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Баасан гарагт мэдэгдэл хийхдээ Бээжингийн зүгээс Москвад үзүүлэх “нөлөөгөө” ашиглан Украинд болж буй дайныг зогсооход хувь нэмэр оруулах ёстой хэмээн онцоллоо.
АНУ-ын Вашингтон хотод байрлах Hudson Institute судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан арга хэмжээнд цахимаар оролцох үеэрээ тэрбээр энэ тухай ярьсан байна. Мөн тэрбээр АНУ, БНХАУ болон ОХУ-ын удирдагчдын хооронд боломжит дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа ч энэ нь дайнд нэрвэгдсэн эх орныг нь хуваахад хүргэх ёсгүй гэдгийг анхааруулжээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын удирдагч нарын дунд болж болзошгүй уг уулзалтаар яг юу хэлэлцэхийг мэдэхгүй байгаагаа Зеленский нэмж дурдсан байна.