Германы Статистикийн газраас гаргасан шинэ мэдээллээр, тус улсад зургаадугаар сард тохиолдсон рекорд халалтын үеэр нас баралт огцом нэмэгдсэн байна.
Тодруулбал, 6-р сарын 22-ноос 6-р сарын 28-ны хооронд нийт 23,900 орчим хүн нас барсан нь өмнөх хоёр долоо хоногтой харьцуулахад 7,100-аар илүү үзүүлэлт болжээ. Энэхүү тоо баримт нь сүүлийн дөрвөн жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 32 хувиар өссөн дүн юм.
Статистикийн агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, зуны саруудад халууны улмаас эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөө ихэсч, нас баралтын түвшин нэмэгдэх нь урьд өмнө ажиглагдаж байсан түгээмэл үзэгдэл ажээ. Хэт халуун цаг агаар нь иргэдийн эрүүл мэндэд ийнхүү шууд нөлөөлснийг албаныхан онцолсон байна.