Грэммийн шагналт, R&B чиглэлийн нэрт дуучин Мигель өөрийн гэр бүлийн эсрэг чиглэсэн дарамт, заналхийлэл болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар олон нийтийн сүлжээнд дэлгэрэнгүй мэдэгдэл нийтэлжээ.
Өдгөө 40 настай дуучин өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэр бүлийнхэн нь арьс өнгөөр ялгаварлах үзэл, сүрдүүлэг, мөрдөлт, хувийн орон зайд халдах үйлдэл болон худал гүтгэлэгт өртөж ирснийг дурдсан байна. Түүнчлэн түүний хамтрагч, хоёр дахь хүүхдээ тээж буй Маргарет Жан руу чиглэсэн анти-Азийн дайралт, сэтгэгдэл, хувийн зурвасууд ирснээс гадна тэдний хүүхдийн талаар зүй бус сэтгэгдлүүд бичигдэж, хүлцэх боломжгүй хил хязгаарыг давсан гэдгийг онцолжээ.
Мигель олон нийтийн зүтгэлтний хувьд уран бүтээл, ажилд нь шүүмжлэлтэй хандахыг ойлгодог ч энэ нь хувийн амьдрал болон хүүхэд рүү нь чиглэсэн хүчирхийлэл болж хувирах ёсгүйг сануулсан байна. "Хүмүүс миний тухай, хөгжим, ажлын минь талаар санал бодлоо илэрхийлж болно. Гэвч арьс өнгөөр ялгаварлах үзэл, сүрдүүлэг, мөрдөлт, хувийн орон зайд халдах, хүүхдийг онилох нь үзэл бодол биш, харин хүчирхийлэл мөн" хэмээн тэрбээр бичжээ.
Мөн хууль болон ёс зүйн хил хязгаарыг давсан хүмүүсийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авсан бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн авах болно гэдгээ мэдэгдсэн байна.
Дуучин Мигель болон "Vogue China" сэтгүүлийн ерөнхий редактор асан Маргарет Жан нар 2024 онд хүү Энжел-ээ өлгийдөн авсан бөгөөд одоо хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа юм. Уран бүтээлийн хувьд Мигель 2025 оны аравдугаар сард CAOS нэртэй цомгоо гаргасан байна.