Поп од Жастин Тимберлэйк өөрийн амьдралыг харуулах шинэ баримтат төсөлдөө хувийн нууцаа дэлгэхээс эхэндээ ихээхэн эмээж байсан тухайгаа хуваалцлаа. Тэрээр 11 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт "The Tonight Show" нэвтрүүлэгт зочлохдоо хөтлөгч Жимми Фэллонд энэ талаар ярьсан байна.

Өдгөө 45 настай дуучин өөрийнхөө талаар ярих дургүй, хувийн амьдралаа ихэд нууцалдаг нэгэн тул найруулагч Фишер Стивенс анх санал тавихад эргэлзэж байжээ. Гэвч тэдний хоорондын яриа болон найруулагчтай тогтоосон харилцаа нь түүний бодлыг өөрчилж, урьд өмнө нь дэлгэж байгаагүй сэдвүүдээ нээлттэй ярихад хүргэсэн байна.

Тимберлэйк сүүлийн таван жилийн хугацаанд тохиолдсон үйл явдлууд өөрийг нь хэрхэн өөрчилсөн талаар дурдаад, энэ бүхэн түүнийг илүү сайн хүн, аав, нөхөр, найз болоход нөлөөлсөн гэдгийг онцолжээ. Мөн уг баримтат цувралыг бүтээх явц өөрт нь сэтгэл зүйн хувьд маш их тайвшрал, эдгэрэл авчирсан бөгөөд үзэгчдэд итгэл найдвар, гэрэл гэгээ өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Apple TV платформоор цацагдах дөрвөн ангит "Timberlake" цувралын эхний хоёр анги 12 дугаар сарын 11-нд, гуравдугаар анги 12 дугаар сарын 18-нд, төгсгөлийн анги нь 12 дугаар сарын 23-нд үзэгчдийн хүртээл болох юм. Энэхүү бүтээлд өмнө нь нийтэд цацагдаж байгаагүй архивын бичлэгүүдээс гадна түүний эхнэр Жессика Бил, ээж Линн Харлесс болон ойр дотнынхны ярилцлага багтжээ.