Криптовалютын техник хангамжийн хэтэвч үйлдвэрлэгч, Парис хотод төвтэй Ledger компани хэрэглэгчдийн хөрөнгө алдагдсан болон төхөөрөмжид халдсан тохиолдлуудын дараа албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тус компани уг явдлыг дижитал активын салбарт тохиолдсон хамгийн “нарийн зохион байгуулалттай халдлагуудын нэг” хэмээн тодорхойлсон байна.
Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар, өндөр зохион байгуулалттай гэмт бүлэглэл Ledger-ийн төхөөрөмжүүдийг худалдан авч, хэрэглэгчдийн seedphrase буюу сэргээх түлхүүр үгийг унших боломжтой хууль бус суулгац байршуулсныхаа дараа дахин борлуулагчдаар дамжуулан нийлүүлэлтийн сүлжээнд буцаан оруулсан байна. Зүүн Өмнөд Азийн хэрэглэгчид Малайзад төвтэй CryptoBilis хэмээх борлуулагчаас төхөөрөмж авсныхаа дараа хөрөнгөө алдсан тухай мэдээлснээр Ledger дотоод шалгалтаа эхлүүлжээ. Үүний үр дүнд хохирсон нэг хэрэглэгчийн төхөөрөмжид зөвшөөрөлгүй техник хангамжийн суулгац байсныг компани баталгаажуулсан байна.
Халдлагын цар хүрээ ба хохирол
Эвдэгдсэн төхөөрөмжүүдээс нийт хэчнээн хэмжээний хөрөнгө алдагдсан нь одоогоор бүрэн тодорхойгүй байгаа ч блокчэйн шинжээч Specter-ийн мэдээлснээр 86 сая ам.доллар алдагдсан байна. Ledger-ийн мэдэгдэлд гэмт бүлэглэл seed цуглуулах сервер, мөнгө угаах дэд бүтцийг өөрсдөө бий болгож, олон сая ам.доллар зарцуулсан бөгөөд нэгдсэн нэг ажиллагаагаар хэтэвчүүдийг хоосолсон гэжээ.
Түүнчлэн Ledger өөрсдийн чип, үйлдлийн систем болон серверт ямар нэгэн доголдол гараагүй, дотоод систем нь халдлагад өртөөгүй бөгөөд халдлага төхөөрөмжүүд үйлдвэрээс гарсны дараа нийлүүлэлт, түгээлтийн сувагт гарсан гэдгийг онцолсон юм.
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Компани түүхэн дэх хамгийн том мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлж, Европын зах зээл зэрэг бусад бүс нутаг дахь нийлүүлэлтийн сүлжээ халдлагад өртсөн эсэхийг шалгахаар ажилтнуудаа илгээжээ. Шалгасан төхөөрөмжүүдээс зөрчил илрээгүй бөгөөд Зүүн Өмнөд Ази болон Хонконг дахь албан ёсны борлуулагчид борлуулалтаа түр зогсоосон байна. Ledger мөн хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.
Энэ оны долдугаар сард хакерууд Coldcard хэрэглэгчдээс бараг 120 сая ам.долларын биткойн хулгайлсан бол Ledger-ийн төлбөрийн систем Global-e-ээр дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг авах гэсэн хэд хэдэн мэдээлэл алдагдсан тохиолдол энэ жил бүртгэгдээд байна.