АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Иран улс 2024 оны арванхоёрдугаар сараас хойш саатуулагдаад байсан Америкийн иргэнийг суллаж, тус улсаас гарахыг зөвшөөрсөн талаар дурджээ.
Трамп өөрийн сошиал хуудсаараа дамжуулан "Тэрээр одоо Иранаас аюулгүй гарсан бөгөөд биеийн байдал нь сайн байна" хэмээн бичсэн байна. Мөн тэрээр АНУ-ын зүгээс Ираны энэхүү "сайн санааны илэрхийлэл"-ийг үнэлж байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч суллагдсан иргэний нэрийг зарлаагүй бөгөөд тухайн иргэн ямар шалтгаанаар саатуулагдсаныг тодорхой тайлбарлаагүй байна. Энэхүү үйл явдлын өмнөхөн Трамп Иран улсын эсрэг цэргийн цохилтуудыг сэргээх, тус улсын боомтуудад тэнгисийн цэргийн бүслэлт тогтоох шийдвэрийг гаргаад байсан юм.