Египетийн нийслэл Каир хотын хүн ам шигүү суурьшсан бүсэд лхагва гарагт их хэмжээний гал гарч, хамгийн багадаа 30 хүн амиа алдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Төрийн мэдээллийн хэрэгслийн уламжилснаар, хөдөлгөөн ихтэй хурдны зам дээр шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдсоны улмаас уг гал түймэр дэгдсэн байна. Ойр хавиар өнгөрч явсан иргэдийн гар утсаараа бичиж авсан бичлэгт ослын газраас асар их дөл болон өтгөн хар утаа тэнгэрт баганаран гарч буй нь харагдаж байв.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ослын голомт руу түргэн тусламжийн 39 автомашин илгээсэн бөгөөд гэмтэж бэртсэн 15 хүнийг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа ажээ.