Нэрт найруулагч Кристофер Нолан Гомерын эртний Грекийн туульс дээр үндэслэн бүтээсэн «The Odyssey» киноны жүжигчдийн сонголтын талаарх шүүмжлэлд хариу өглөө. Тэрээр энэхүү шүүмжлэлийг "ач холбогдолгүй" гэж үзэж байгаагаа The Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Киноны гол дүр болох Одиссей хааны дүрд Мэтт Дэймон, түүний хүү Телемакусын дүрд Том Холланд, хатан Пенелопагийн дүрд Энн Хэтэуэй нар тоглосон байна. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Зендая, Роберт Паттинсон, Лупита Ньонго, Шарлиз Терон, Жон Бернтал, Бенни Сафди, Жон Легуизамо, Эллиот Пейж, Химеш Пател, Саманта Мортон болон Миа Гот нар багтжээ.
Олон нийтийн сүлжээнд Лупита Ньонгог Елена болон Клитемнестрагийн дүрд сонгосон нь, мөн Трэвис Скоттыг дуучны дүрд, Эллиот Пейжийг Грекийн цэрэг Синоны дүрд тоглуулсан нь багагүй маргаан дагуулсан. Тухайлбал, Илон Маск Ньонгогийн сонголтыг шүүмжилж, Ноланыг "арьс өнгөөр ялгаварлагч" хэмээн буруутгасан юм.
Найруулагч энэ талаар тайлбарлахдаа: "Хүмүүс киног үзээгүй байхдаа ярилцаж буй эдгээр ярианууд үргэлж ач холбогдолгүй байдаг" гээд, өөрийн "Бэтмен" гурамсан киног бүтээх үеийн шүүмжлэлтэй адилтгажээ. Нолан "Batman Begins" киног хийх үедээ 10 жилийн турш ийм төрлийн шүүмжлэлтэй тулгарч байсан бөгөөд "Эцсийн дүндээ шүтэн бишрэгчид өөрийнх нь төсөөллөөс өөр байсан ч бүтээлийг чин сэтгэлээсээ хийсэн бол хүлээн зөвшөөрч таашаадаг" гэдгийг онцолсон байна.
Киноны гол дүрүүдийн нэг Лупита Ньонго ч мөн энэхүү шүүмжлэлийг үгүйсгэж, энэ нь зүгээр л "домогт суурилсан түүх" гэдгийг сануулжээ. «The Odyssey» кино энэ баасан гарагт буюу долдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр товлогдоод байна.