Хөлбөмбөгийн ертөнцийн хоёр том од болох Криштиану Роналду, Лионель Месси нар 15 жилийн турш дэлхийн шилдгийн төлөө өрсөлджээ. Тэдний энэхүү ширүүн өрсөлдөөн хөгжөөн дэмжигчдийг талцуулж байсан ч талбайн гадна тэд бие биенээ хүндэтгэсэн харилцаатай байсан тухайгаа Роналду CNN Portugal-д өгсөн шинэ ярилцлагадаа дэлгэсэн байна.
Роналду шагнал гардуулах ёслолын үеэр Мессид англиар юу ярьж байгааг нь хааяа орчуулж өгдөг байснаа дурсав. Тэрээр: “Бид 15 жилийн турш шагналын тайзыг хуваалцсан бөгөөд үргэлж маш сайн ойлголцдог байсан. Хүмүүсийн англиар ярьж байсныг би түүнд орчуулж өгдөг байснаа санаж байна, их хөгжилтэй байсан. Тэр надад үргэлж сайн ханддаг байсан. Мэдээж тэр өөрийн клуб, шигшээ багаа хамгаалж, би өөрийнхийгөө хамгаалдаг байв. Энэ бол эрүүл өрсөлдөөн байсан бөгөөд бид бие биенээ хурцалж, сэдэлжүүлдэг байсан” гэж ярьжээ.
Талбайн гаднах хүндэтгэл
Роналду өмнө нь ч тэдний харилцаа ямар нэгэн таагүй уур амьсгалгүй болохыг хэлж байсан юм. 2025 оны нэгдүгээр сард El Chiringuito-ийн сэтгүүлч Эду Агирред өгсөн ярилцлагадаа тэд хэзээ ч муу харилцаатай байгаагүйг онцолж байв. Мөн 2023 оны есдүгээр сард хөгжөөн дэмжигчид нэг тоглогчийг бишрэхийн тулд нөгөөг нь үзэн ядах албагүйг тайлбарлаж байсан билээ.
Лионель Месси ч гэсэн найм дахь удаагаа Ballon d’Or авсныхаа дараа тэдний өрсөлдөөний талаар санал нийлж, хоёулаа өрсөлдөх дуртай учир бие биенээсээ урам авдаг байсан нь хөлбөмбөгийн гайхалтай үе байсныг дурдсан байдаг.
Одоогоор Роналду Саудын Арабын Аль-Насср, харин Месси АНУ-ын MLS-ийн Интер Майами багт тоглож байгаа бөгөөд тэдний замнал төгсгөлийн шатандаа дөхөж байж болзошгүй юм. Хэдийгээр Роналду өөрийн чадвараа бүх цаг үеийн шилдэгт тооцсоор байгаа ч Месситэй хамт өнгөрүүлсэн 15 жилийн эрүүл өрсөлдөөнийг өндрөөр үнэлсээр байна.