WNBA-ийн тоглогч Кэйт Мартин сагсан бөмбөгийн карьераа дараагийн шатанд гаргах зорилгоор Австралийн WNBL лигийн Bendigo Spirit багтай гэрээ байгуулсан байна. Түүний энэхүү шийдвэрт багийн хуучин анд Вероника Бөртон чухал нөлөө үзүүлжээ.
Бөртон өмнө нь тус багт тоглож, ур чадвараа ахиулсныхаа дараа WNBA-д эргэн ирж, хамгийн их ахиц гаргасан тоглогч болж байсан түүхтэй. Энэ талаар 26 настай Мартин ярихдаа, Bendigo Spirit баг болон ерөнхий дасгалжуулагч Кеннеди Кереамагийн тоглогч хөгжүүлэх арга барил өндөр үнэлэгддэг тул Австралид очих боломж гарахад эргэлзэлгүйгээр зөвшөөрсөн гэдгээ онцолжээ.
Мартины хувьд WNBA-д тоглох хугацаандаа талбайд хангалттай цаг авч чадахгүй байсан юм. Тэрбээр шинэ тоглогчийн (rookie) улиралдаа 34 тоглолтод дунджаар 11.5 минут талбайд гарч байсан бол дараагийн улиралд дунджаар 16 минут тоглосон байна. Харин энэ улиралд түүний тоглох цаг эрс буурч, ердөө 19 тоглолтод оролцон нийт 146 минут л талбайд өнгөрүүлжээ.
Австралийн WNBL лигт тэрбээр WNBA-д хүч үзэж байсан Изобел Борлейс, Жэйд Мельбурн нарын хамт тоглох бөгөөд тоглолтын цагаа нэмэгдүүлж, алдаагаа засан, өөртөө итгэх итгэлээ сэргээхийг зорьж байна. Вероника Бөртон ч найзынхаа энэ шийдвэрийг дэмжиж, сошиал хуудсаараа дамжуулан урам өгсөн байна.