Латин хөгжмийн ертөнцөд өрнөсөн онцлох үйл явдлуудыг Billboard тоймлон хүргэлээ.

Валентин Элизальдегийн тухай баримтат цуврал

HBO Max компани Мексикийн бүс нутгийн болон банда хөгжмийн од Валентин Элизальдегийн амьдрал, 2006 оны аллагын талаар өгүүлэх гурван ангит “Valentín: La muerte del Gallo de Oro” баримтат цувралыг зарлалаа. Арваннэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийх тус бүтээлд архивын материал болон шинэ эх сурвалжуудыг ашигласан байна. Гэвч дуучны охин Валентина Элизальде гэр бүлийнхэн нь уг цувралын талаар мэдээгүй байсан бөгөөд зөвшөөрөл олгоогүй гэдгээ мэдэгджээ.

Озуна төрөлх нутагтаа тоглолт хийнэ

“Una Aventura World Tour” аялан тоглолтоо өндөрлүүлсэн дуучин Озуна Пуэрто-Рикодоо эргэн очиж, 12 дугаар сарын 26-нд “Coliseo de Puerto Rico José Miguel Agrelot” ордонд “Sempiterno” нэртэй ганц үдшийн тоглолтоо хийхээ зарлав. Тэрбээр уг тоглолтоороо хит дуунуудаа хүргэж, хөгжмийн дараагийн шинэ үе шатаа танилцуулах юм.

Maestro Cares сангийн шагналтнууд тодорлоо

Марк Энтони болон хөгжмийн салбарын удирдлага Хенри Карденас нарын хамтран үүсгэн байгуулсан “Maestro Cares” сангийн 13 дахь удаагийн гала тоглолт 11 дүгээр сарын 4-нд Нью-Йорк хотноо болно. Энэхүү ёслолын үеэр дуучин Беки Жи “Voice of Change”, Драко Роса “Courage to Care”, Колумбын бизнесмэн Хайме Гилински “Corporate Social Responsibility” шагналыг тус тус хүртэхээр болсон бөгөөд Марк Энтони өөрөө тайзнаа ая дуугаа өргөх ажээ.

Розалия шагналын тайзнаас дэмжлэг илэрхийллээ

Нью-Йорк хотноо болсон “WSJ. Magazine Innovator Awards” наадмаас Испанийн дуучин Розалия хөгжмийн шинийг санаачлагч шагналыг гардан авав. Тэрбээр талархлын үг хэлэх үеэрээ төрөлх Испани улсад нь гарсан галт тэрэгний осолд өртсөн хүмүүст хандан дэмжлэг, хайраа илгээж буйгаа илэрхийлсэн байна.