Поп хөгжмийн хаан гэгддэг Майкл Жексоны амьдралыг өгүүлэх 'Michael' кино дэлхийн кино театруудаас 1 тэрбум долларын орлого олсон анхны намтарчилсан (biopic) кино болж, түүхэн амжилт тогтоолоо. Энэхүү бүтээл нь нээлтээ хийсэн даруйдаа намтарчилсан төрлийн кинонуудаас хамгийн өндөр орлоготой нээлтийг хийж, улмаар 'Oppenheimer' киног ардаа орхин бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино болсон байна.
Киноны найруулагч Антуан Фукуа энэхүү амжилтын талаар хэлэхдээ, энэ нь кино баг, уран бүтээлчид болон дэлхий даяарх үзэгчдийн хамтын хүчин чармайлт гэдгийг онцолжээ. Тэрээр энэхүү түүхэн амжилт нь кино урлаг хүмүүсийг нэгтгэх хүчтэй болохыг харууллаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Кинонд Майкл Жексоны карьерын эхлэл болох 'Jackson 5' хамтлагаас эхлээд 1980-аад оны сүүл үеийн 'Bad' аялан тоглолт хүртэлх үйл явдлыг харуулдаг бөгөөд гол дүрд дуучны зээ хүү Жаафар Жексон тогложээ. Киноны төгсгөл хэсэгт 'His Story Continues' буюу 'Түүний түүх үргэлжилнэ' хэмээх бичвэр гардаг бөгөөд үүний дагуу киноны үргэлжлэл буюу хоёрдугаар анги хийгдэх нь батлагдсан байна.
Киноны үргэлжлэлд Майкл Жексоны нэр холбогдсон хүүхдийн хүчирхийллийн талаарх дуулиантай сэдвүүдийг хөндөх төлөвтэй байна. Анхны киноны хувьд эдгээр асуудлыг хөндөхөөр төлөвлөж байсан ч хуулийн заалт болон нөхцөл байдлаас шалтгаалан зураг авалтыг өөрчлөх шаардлага гарчээ. Мөн Жексоны эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэг үүсгэсэн Жеймс Сэйфчак болон Уэйд Робсон нарын шүүх хурал 2028 онд болохоор товлогдоод байна.