Америкийн реппер Мэклмор (Macklemore) Эд Шираны аялан тоглолтоос хасагдсанаас хойших анхны концертоо Пүрэв гарагийн орой (10-р сарын 22) Колорадо мужийн “Red Rocks Amphitheatre”-т толилууллаа. Тэрбээр 17 дуу дуулах үеэрээ тоглолтоо түр завсарлан, үзэгчдэд хандан Палестин, Судан, Конго, Ливан, Гаити болон АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) үйл ажиллагаанд өртсөн хүмүүсийн талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Мэклмор “Энэ цаг үед хүн байх нь тийм ч төвөгтэй зүйл биш. Энэ бол улс төр биш. Бусдын зовлонг хараад 'Одоо болно' гэж хэлэх зүрх сэтгэлтэй байх нь хүний ёс” хэмээн ярьжээ.

Үүссэн маргаан ба үр дагавар

Өнгөрсөн есдүгээр сард Эд Шираны “Loop” аялан тоглолтын нээлтийг хийж байхдаа Мэклмор Нью-Жерси дэх тоглолтын үеэр Палестиныг дэмжиж, “Hind’s Hall” дуугаа Газын зурвасын дүрс бичлэгтэй хамт хүргэсэн нь маргаан дагуулсан юм. Үүний дараа зохион байгуулагчид болон цэнгэлдэхүүдийн шийдвэрээр түүнийг аялан тоглолтын бүрэлдэхүүнээс хасжээ.

Эд Ширан энэхүү шийдвэрийг өөрөө гаргаагүй, зохион байгуулагч болон талбайн удирдлагуудын шийдвэр байсныг тайлбарлаж, Мэклморын итгэл үнэмшлийнхээ төлөө дуугарах зоригийг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн байна. Харин Мэклмор уг аялан тоглолтоос олсон 1 сая ам.доллароо Палестинчуудад тусламж үзүүлдэг байгууллагуудад хандивлахаа амласан юм.

Цаашдын төлөвлөгөө ба сонсогчдын тоо

Уг маргааны дараа Мэклмор өөрийн “Free Palestine Tour” нэртэй бие даасан аялан тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 10-р сарын 26-нд Дублин, 10-р сарын 29-нд Парис, 10-р сарын 30-нд Лондонд болох тоглолтуудын тасалбар бүрэн зарагджээ. Тоглолтын орлогыг Палестинчуудад тусламж үзүүлдэг байгууллагуудад хандивлах аж.

Энэхүү маргаан нь Мэклморын дуунуудын сонсогчдын тоог эрс нэмэгдүүлсэн байна. Luminate-ийн урьдчилсан мэдээллээр түүний бие даасан уран бүтээлийн АНУ дахь стриминг хандалт 9-р сарын 13-нд 282,000 байснаас хоёр өдрийн дараа 767,000 болж, 172 хувиар өсжээ.