Перу улсын өмнөд бүс нутагт төлөвлөгдөж буй 844 сая ам.долларын өртөг бүхий гүний боомтын төсөл гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулагчийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ дунд БНХАУ-ын компаниуд ч багтаж байгаа тухай тус улсын орон нутгийн удирдлага Даваа гарагт мэдээлсэн байна.

Перугийн засгийн газар уг төслийг хилийн чанадад танилцуулж, сурталчилж эхэлсэн бөгөөд Арекипа мужийн захирагч Рохел Санчес төрийн хөрөнгө оруулалтын агентлаг болох Proinversion-тэй гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрбээр хэлэхдээ, “Хэд хэдэн компани бидэнд хандаад байна. Бидэнд АНУ, Хятад болон Энэтхэгээс ирсэн, маш их сонирхож буй хөрөнгө оруулагчид бий” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Турк болон бусад улсын пүүс, компаниуд уг төслийг сонирхож буйг тэрбээр нэмж дурджээ. Уг гүний боомтын төсөл нь Чанкай боомтын хувилбар хэлбэрээр танилцуулагдаж байгаа аж.