АНУ-ын алдарт дуучин, реппер Пост Малоун өөрийн цахим хуудсаар дамжуулан шинэ хөгжмийн хэсгээс хуваалцлаа. Тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа пиво ууж, тамхи татаж буй бичлэгийг нийтлэхдээ "Явах цаг нь болсныг мэддэггүй тэр нэгэн" хэмээн тайлбар бичсэн нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаад байна.

Энэхүү шинэ дууны хэсэг нь түүний өмнөх "beerbongs & bentleys", "Hollywood’s Bleeding" зэрэг цомгуудад сонсогддог мелодик реп урсгалыг санагдуулам байгаа юм. Тэрээр уг бичлэгтээ "All my money clean, not a damn stain on me/ I would pop a bean, 2016 Stoney" хэмээн реп хийжээ. Түүний энэхүү эргэн ирэлтийг хөгжмийн салбарынхан болон шүтэн бишрэгчид нь нааштайгаар хүлээн авч байна.

Пост Малоуны хувьд 2022 онд "Twelve Carat Toothache" реп цомгоо гаргаж байсан бол 2023 онд "Austin" нэртэй поп цомог, 2024 онд кантри урсгалаар "F-1 Trillion" цомгоо тус тус гаргасан билээ. Кантри цомогт багтсан Морган Уоллентой хамтарсан "I Had Some Help" дуу нь Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байв.

Одоогоор дуучны бэлтгэж буй "The Eternal Buzz" нэртэй шинэ цомгийн албан ёсны нээлтийн тов хараахан гараагүй байна. Пост Малоун өмнө нь энэхүү цомог дээрээ Нашвилл хотод ажиллаж байгаа бөгөөд 35 орчим дуу бэлэн болсон тухайгаа дурдаж байсан юм. 2016 онд "White Iverson" дуугаараа олонд танигдсан тэрээр "Psycho", "Rockstar", "Circles", "Sunflower" зэрэг олон хит дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг баттай эзэлсэн билээ.