АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын хэмжээнд хөгжмийн аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "American Music Tourism Act" хуулийг баталж, гарын үсэг зурлаа. Анх 2024 онд өргөн баригдаж, улмаар Конгрессын хоёр намын өргөн дэмжлэгийг авсан уг хууль нь дотоодын болон гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна.
Шинэ хуулийн дагуу АНУ-ын Аялал жуулчлалын асуудал хариуцсан Худалдааны дэд нарийн бичгийн дарга хөгжмийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, уг зорилтын амжилт болон сул талуудын талаар Конгресст тайлагнах үүрэг хүлээж байгаа юм. "Future Market Insights" байгууллагын таамаглалаар АНУ-ын хөгжмийн аялал жуулчлалын зах зээлийн орлого 2032 он гэхэд 11.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Уг хуулийн төслийг Сенатор Марша Блэкберн болон Жон Хикенлүүпер нар санаачилсан бөгөөд Билл Хагерти, Гэри Питерс, Энди Ким, Тед Бадд зэрэг сенаторууд хамтран дэмжжээ. Мөн "Recording Academy", "Recording Industry Association of America" зэрэг хөгжмийн болон аялал жуулчлалын олон байгууллага хуулийг дэмжсэн байна.
Сенатор Марша Блэкберн мэдэгдэлдээ, Теннесси муж нь Мемфис дэх Грэйсланд, Нашвилл дэх Гранд Оул Опри, Пижон Форж дахь Долливүүд зэрэг жуулчдын очиж үзэх олон түүхэн, бэлгэ тэмдэг болсон газруудтай болохыг дурдаад, хөгжмийн аялал жуулчлал тус мужийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. Харин Сенатор Жон Хикенлүүпер энэхүү хууль нь Колорадо муж дахь концертын талбайнуудад ирэх зочдын тоог улам нэмэгдүүлнэ гэдэгт баяртай байгаагаа илэрхийлсэн байна.