Латин трап хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг Пуэрто-Рикогийн уран бүтээлч Anuel AA өөрийн 34 насны төрсөн өдрөөрөө удаан хүлээлгэсэн “RHLM2” цомгоо албан ёсоор цацлаа.
Энэхүү цомог нь түүний 2018 онд гаргаж, Top Latin Albums чартыг тэргүүлж байсан “Real Hasta La Muerte” анхны бие даасан цомгийн үргэлжлэл юм. Тэрээр хоёр дахь ангиа гаргах гэж бараг 10 жилийг зарцуулсан ч энэ хугацаанд “Emmanuel” (2020), “Las Leyendas Nunca Mueren” (2021) зэрэг тус бүр чартыг тэргүүлсэн амжилттай цомгуудыг хүргэж байв.
Шинэ цомог нь нийт 23 дуунаас бүрдэж байгаа бөгөөд трап болон реггетон урсгалыг хослуулснаараа түүнийг олонд таниулсан өвөрмөц өнгө аясыг эргүүлэн авчирчээ. Төсөлд Wisin, Blessd нартай хамтарсан бөгөөд Don Omar-ын 2006 оны “Myspace” дууг ашигласан “Instagram”, түүнчлэн De La Rose-той хамтарсан “Sexo Nama”, Fuerza Regida-тай хамтарсан “Si Me Matan a Balazos” зэрэг уран бүтээлүүд багтсан байна.
Мөн өмнө нь олны хүртээл болсон “Amanece”, “Mas Rica Que Ayer”, “Deportivo” зэрэг 5 хит дуу цомгийн төгсгөлд багтжээ.
Anuel AA цомгийнхоо талаар Инстаграм хуудсандаа нийтлэхдээ: “Надад итгэж, ямар ч үед үнэнч үлдсэн бүх хүмүүст зориулж энэ цомогт зүрх сэтгэлээ бүрэн зориуллаа. Энэ бол миний хувьд бүх зүйл” хэмээн онцолж, үргэлж хамт байдаг гэр бүл, дэмжигчдэдээ талархлаа илэрхийлсэн байна.