Дэлхийн томоохон дуудлага худалдааны ордон болох Сотбис (Sotheby's) 7-р сарын 14-нд эхлүүлсэн дуудлага худалдаагаараа дамжуулан ховор олдворуудыг худалдаалахаар болжээ. Энэхүү дуудлага худалдааны гол үзмэр нь 67 сая жилийн настай, Тираннозавр рекс (T. rex) төрлийн үлэг гүрвэлийн араг яс юм.
"Гас" (Gus) хэмээн нэрлэгдсэн энэхүү олдвор нь өнөөг хүртэл олдсон хамгийн бүрэн бүтэн, том хэмжээтэй Тираннозаврын араг яснуудын нэгд тооцогдож байна. АНУ-ын Өмнөд Дакота муж улсын нэгэн фермээс олдсон энэхүү араг яс нь нийт 183 ширхэг чулуужсан яс буюу бүхэл бүтэн биеийн бүтцийн ойролцоогоор 61 хувийг бүрдүүлж байгаа ажээ. Дуудлага худалдааны ордон дутуу яснуудыг орлох хуулбаруудыг хийж, ган төмөр сууринд бэхлэн, олзны араатан руу дайрч буй мэт байрлалаар угсарсан байна.
Гэвч энэхүү үйл явдал эрдэмтдийн дунд маргаан дагуулаад байна. Гас үлэг гүрвэлийн үнэ 30 сая доллар хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүнийг нийтийн музей эсвэл хувийн цуглуулагчдын хэн нь ч худалдаж авах боломжтой юм. Палеонтологичдын зүгээс хувийн цуглуулагчид эртний олдворуудыг тансаг хэрэглээний хөрөнгө оруулалт мэтээр худалдан авч байгаа нь шинжлэх ухааны хувьд асар их гарз хохиролтой гэж үзэж байна. Дуудлага худалдааны ордууд энэхүү үйл явцыг сурталчлан, олон нийтийн анхаарлыг татаж байгаа нь түүхийн үнэт дурсгалуудыг шинжлэх ухааны судалгаанаас алс холдуулах эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байна.