League of Legends тоглоомын алдартай стриймер бөгөөд өмнө нь мэргэжлийн тамирчин байсан Caedrel цахим ертөнцөөс бодит уралдааны зам руу шилжихээр боллоо. Тэрээр Формула 1-ийн дөрвөн удаагийн дэлхийн аварга Макс Ферстаппены зохион байгуулж буй "Max vs 100" хэмээх онцгой картинг сорилтод оролцохоор нэгджээ.

Энэхүү уралдаан нь Английн алдарт Сильверстоун (Silverstone) авто тойруулга дээр болох юм. Уг сорилтоор дөрвөн удаагийн дэлхийн аварга Макс Ферстаппен нийт 100 жолоочийн эсрэг уралдаж, бүх өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэн гарч чадах эсэхийг туршихаар зохион бүтээгджээ.

Тус арга хэмжээ есдүгээр сарын 16-нд болох бөгөөд уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах юм байна. Харин сонирхсон үзэгчид уралдааныг Disney+ болон ESPN App-аар шууд хүлээн авч үзэх боломжтой ажээ.