Их Британийн дуучин, дуу зохиогч Сэм Фендер 2027 онд Их Британи болон Ирландад хийх "Proper Massive Stadium Tour" аялан тоглолтынхоо тасалбарын үнэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, үнэ нь өөрчлөгдөж байгааг шүтэн бишрэгчдэдээ мэдэгдлээ.
Түүний аялан тоглолтын хуваарь зарлагдсаны дараа Инстаграм хэрэглэгч Гэвин Дэвис албан ёсны бус байдлаар задарсан тасалбарын үнийг нийтэлсэн байна. Тус мэдээллээр Ньюкаслын босоо тасалбар 98.60 фунт стерлинг, суудлын тасалбар 86.50-аас 112.90 фунт стерлингийн хооронд байжээ. Мөн Лондонгийн "Уэмбли" цэнгэлдэхийн урд талын босоо хэсгийн тасалбар 130.75 фунт стерлинг, ердийн босоо тасалбар 98.85 фунт стерлингээр үнэлэгдсэн байв.
Эдгээр үнийн талаар цахим орчинд хүмүүс санал бодлоо хуваалцаж эхэлсний дараа Сэм Фендер тухайн постын сэтгэгдэл хэсэгт тайлбар өгчээ. Тэрбээр, “Би эдгээр үнэд сэтгэл дундуур байна, үнэ өөрчлөгдөнө. Миний бодож байснаас хэт өссөн байна, энэ нь зөвхөн шоу зохион байгуулах зардалтай л уялдаж өсөх ёстой байсан” хэмээн бичсэн байна.
Түүнчлэн тэрбээр томоохон тоглолтуудад үзэгчдийн босоо хэсгийг “урд” болон “ердийн” гэж хоёр хуваадаг жишгийг шүүмжилсэн юм. Фендер хэлэхдээ, “Босоо талбайг хуваахгүй, энэ тухай би мэдээгүй байсан. Ийм зүйл хэрхэн хэвийн үзэгдэл болсныг ойлгохгүй байна. Энэ аялан тоглолтод ийм зүйл болохгүй” гэдгийг тодотгов.
Сэм Фендерийн аялан тоглолтын шинэчлэгдсэн үнэ хэзээ албан ёсоор нийтлэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.