Алдарт дуучин Тейлор Свифт бусдад туслах гэж яваад машинд мөргүүлж хүнд бэртсэн, гурван хүүхдийн ээж Эшли Тонтонд зориулан GoFundMe платформ дээр 50 мянган ам.доллар хандивлажээ. Энэхүү мэдээллийг хэвлэлийн Rolling Stone болон People сэтгүүл баталгаажуулсан байна.

Сувилагчийн туслах мэргэжилтэй, 42 настай Эшли Тонтон долдугаар сард бага охинтойгоо I-95 замаар зорчиж байхдаа борооны улмаас замаас гарч гулгасан өсвөр насны хүүхдүүдийн машинтай таарчээ. Тэрээр хүүхдүүдийг аюулгүй газарт шилжүүлэхээр зогсон тусалж байсан бөгөөд энэ үеэр өөр нэгэн машин гулган тэдний зүг ирсэн байна. Эшли нэгэн өсвөр насны хүүхдийг мөргүүлэхээс сэргийлж түлхэж холдуулсан боловч өөрөө машинд хүчтэй мөргүүлж, амь насанд нь аюултай гэмтэл авчээ.

Одоогоор тэрээр хоёр том хагалгаанд орсон бөгөөд дахин мэс засал хийлгэх шаардлагатай байгаа аж. Гэр бүлийнхнийх нь хэлснээр түүний бие бүрэн эдгэрэхэд нэг жил хүртэл хугацаа шаардагдаж магадгүй байна.

Тейлор Свифтийн хандивласан 50,000 ам.доллар нь тус санд цугласан хамгийн өндөр дүнтэй ганц хандив болжээ. Баасан гарагийн байдлаар тус GoFundMe хуудсанд 64,000 гаруй доллар, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх Meal Train хандиваар 16,000 гаруй доллар тус тус цуглаад байна. Свифт хандивын сэтгэгдэл хэсэгт “Танд аль болох түргэн бүрэн эдгэрэхийг хүсэн ерөөж, гэр бүлд тань хайр илгээе!” хэмээн бичжээ.

Тейлор Свифт өмнө нь байгалийн гамшиг, ослын улмаас хүнд байдалд орсон хүмүүст чимээгүйхэн тусламж үзүүлдэг байсан бөгөөд тэрээр саяхан нөхөр Тревис Келситэйгээ хамт АНУ-ын 20 буяны байгууллагад 26 сая доллар хандивласан юм.