АНУ-ын Техас мужийн Хилл Каунтри бүс нутагт болсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хоёр хүн амиа алдсан харамсалтай явдал гарлаа. Байгалийн энэхүү гамшгийн улмаас олон тооны гүүр болон авто зам эвдэрч сүйдээд байна.

Үерийн аюул нэмэгдэж байгаатай холбогдуулан эрх баригчид тус бүс нутгийн оршин суугчдыг албадан нүүлгэх ажлыг эхлүүлжээ. Одоогоор 90 орчим зам, хурдны замын хөдөлгөөнийг хаасан нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг улам бүр хүндрүүлж байна.

Цаг уурын байгууллагаас ирэх Баасан гарагийн өглөө хүртэл Техас мужийн өргөн уудам нутгаар 20 см хүртэлх хэмжээний хур тунадас нэмж орох төлөвтэй байгааг анхаарууллаа. Энэхүү хүчтэй аадар бороо нь өнгөрсөн жил 130 гаруй хүний аминд хүрсэн гамшигт үерийг сануулж байна.