Америкийн алдарт дуучин Тэйлор Свифт 2021 онд өөрийн хуучны бүтээлүүдийг шинэчлэн бичүүлж гаргасан бөгөөд тэдгээрийн нэг болох “All Too Well (Taylor’s Version)” дуу нь Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж түүхэн амжилт тогтоож байв.

Энэхүү дууг тэрбээр анх 2012 оны “Red” цомогтоо зориулан Лиз Рөүзтэй хамтран бичсэн бөгөөд тухайн үед таван минут хагасын урттайгаар цацагдаж байжээ. Тэйлор Свифт 2021 онд хөтлөгч Жимми Фэллонд ярихдаа тухайн үед гунигтай үеэ туулж байсан тул сэтгэл хөдлөл, мэдрэмжээ шууд илэрхийлэн дуулж эхэлснээ хуваалцсан байна.

2021 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн чартад “All Too Well (Taylor’s Version)” дуу Billboard Hot 100-г тэргүүлэхийн зэрэгцээ “Red (Taylor’s Version)” цомог нь Billboard 200 жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Энэхүү дуу нь үндсэн хувилбараас гадна 10 минут 13 секундын урттай хувилбараар давхар гарсан юм. Ингэснээр Billboard Hot 100 жагсаалтын түүхэн дэх хамгийн урт хугацаатай №1 дуу болж тэмдэглэгдсэн байна. Өмнө нь энэ дээд амжилтыг Дон Маклиний 8 минут 37 секундын урттай “American Pie (Parts I & II)” дуу бараг хагас зуун жилийн турш эзэмшиж байжээ.

Түүнчлэн энэхүү уран бүтээлийг дагалдан Сэди Синк, Дилан О’Брайен болон Тэйлор Свифт нарын тоглосон, Свифтийн өөрөө найруулсан 14 минут 56 секундын богино хэмжээний кино гарсан юм. Уг богино хэмжээний бүтээл нь Грэммийн шилдэг хөгжмийн видео шагналыг хүртэж, 2022 оны MTV VMA наадмаас гурван шагнал авсан байна.