Нидерландын хөнгөн атлетикийн од, өдгөө 26 настай Фемке Бол карьертаа томоохон өөрчлөлт хийж, 400 метрийн халхагтай гүйлтийн замаа 800 метрийн зайн гүйлтээр сольжээ. Тэрбээр дэлхийн хоёр удаагийн аварга, Олимпын медальтан бөгөөд олон жилийн турш энэ зайд Америкийн алдарт тамирчин Сидни Маклафлин-Левронтой өрсөлдөж ирсэн юм.
Саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр халхагтай гүйлт рүүгээ хэзээ нэгэн цагт эргэн ирэх эсэхдээ эргэлзэж буйгаа хуваалцжээ. Бол энэ тухай ярихдаа: "Одоогоор би 800 метрийн зайдаа үлдэхийг хүсэж байна. Энэ нь амар хялбар шилжилт байгаагүй ч эхний улирал маш сайн өнгөрч байгаад сэтгэл хангалуун байна. Бид үүнийг олон жилийн төлөвлөгөө гэж харж байсан. Би халхагтай гүйлт рүүгээ хэзээ нэгэн цагт эргэн ирнэ гэдэгтээ итгэлгүй байгаа ч хэзээ ч буцахгүй гэж бас хэлэхгүй. Ямартай ч одоогоор 800 метртээ бүрэн төвлөрнө" гэжээ.
Шинэ зайд шилжсэн эхний улиралдаа л тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, Очир эрдэнийн лигийн (Diamond League) шагналын тавцанд хэд хэдэн удаа гарсан байна. Түүнчлэн энэ улиралд оролцсон 800 метрийн уралдаан бүртээ эхний гурван байрт шалгарсан төдийгүй Эллен ван Лангены тогтоосон Нидерландын 1:55.54 секундийн улсын дээд амжилтыг давтжээ.
Өмнө нь Токиогийн олимпод хүрэл медаль хүртэж байсан тэрбээр өөрийн гол өрсөлдөгч Маклафлин-Левроныг үргэлж биширдэг гэдгээ нуугаагүй бөгөөд түүнтэй өрсөлдөх нь үргэлж онцгой мэдрэмж төрүүлдэг хэмээн NOS агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.