Поп-рок од Харри Стайлс (Harry Styles) өөрийн “Together, Together” аялан тоглолтын хүрээнд Нью-Йорк хотын алдарт Madison Square Garden (MSG) цэнгэлдэх хүрээлэнд 30 дараалсан тоглолтынхоо эхнийхийг хийлээ.

Наймдугаар сарын 26-ны Лхагва гарагийн орой болсон тус тоглолтоор эхэлж буй түүний тоглолтууд 10-р сарын сүүлчийн Халлоуин болон NBA-ийн дараагийн улирлын эхлэл хүртэл үргэлжлэх юм. Тоглолтын нээлтийг дижей Jamie xx хийсэн бөгөөд Харри Стайлс хамтлагийнхаа хамт тайзнаа гарч, дүүрэн үзэгчтэй цэнгэлдэхийг доргиожээ.

Тэрбээр дугуй буюу зууван хэлбэртэй гэрэлт тайзан дээр тоглосон нь үзэгчдийн эрч хүчийг бүрэн мэдрэх боломжийг олгосон байна. Түүнчлэн өмнө нь тус аялан тоглолтоор хийсэн 31 тоглолтын дууны жагсаалтыг шинэчлэн өөрчилж, зарим дуугаа цоо шинэ найруулгатайгаар хүргэжээ.

Нью-Йоркийн Studio 54 уур амьсгалаас санаа авсан мэт тэрбээр диско хэмнэлийг илүү түлхүү шингээсэн бөгөөд өөрийн 2017 оны анхны бие даасан цомог болон Грэммийн шагналт Harry’s House цомгийнхоо дуунуудаас тус бүр дөрвийг багтаасан байна. Харин түүний хуучин хамтлаг болох One Direction-ий уран бүтээлүүдээс энэ удаад нэг ч дуулаагүй ажээ.