Лос-Анжелес Доджерс бейсболын багийн эзэн, тэрбумтан Марк Уолтер-той холбоотой санхүүгийн шалгалтууд олны анхаарлыг татаж эхэлсэн тул түүний TWG Global компани албан ёсны тайлбар өглөө. Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Мэдээлж байгаагаас үл хамааран энд ямар ч залилан болоогүй” хэмээн онцолсон байна.

Манхэттэн дэх холбооны прокурорууд болон АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) түүний бизнесийн эзэнт гүрэнд зэрэгцээ мөрдөн шалгалт явуулж эхэлсэн бөгөөд мөрдөгчид түүний гар утас, зөөврийн компьютерыг хураан авсан удаатай. Шалгалтын гол шалтгаан нь түүний хяналтад байдаг Delaware Life Insurance Co. болон Clear Spring Life & Annuity Co. даатгалын компаниудын эзэмшиж байсан гэх 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай холбоотой юм. Даатгуулагчдын хураамжийн мөнгийг Guggenheim Partners-ээр дамжуулан Уолтерын өөрийнх нь компаниуд руу эргүүлэн оруулсан гэх хардлага гарсан бөгөөд энэ дүн анх тайлагнаснаас 17 тэрбум орчим ам.доллароор илүү байсан нь гол асуудал болжээ.

Үүний зэрэгцээ Марк Уолтер саяхан Лос-Анжелес Лейкерс сагсан бөмбөгийн багийнхаа олонх хувийг ердөө 72 цагийн дотор зарахаар шийдвэрлэж, мэдээлснээр 2.5 тэрбум ам.долларын ашиг хийсэн нь эргэлзээг улам нэмэгдүүлсэн юм. Тэрбээр уг багийг 14 сар орчим эзэмшсэн байв. Мөн түүнийг Челси клубийн хувьцаагаа болон медиа эрхээ бэлэн мөнгө олохын тулд зарах гэж байгаа талаар мэдээллүүд цацагдсан нь Доджерс багийн хөгжөөн дэмжигчдийн дунд түгшүүр үүсгэсэн билээ. Учир нь Доджерс баг супер од Шохэй Охтанитай 10 жилийн 700 сая ам.долларын гэрээ байгуулсан байдаг.

Харин TWG Global компани хувийн эрх ашгаа бодсон нэрээ нууцалсан эх сурвалжууд хэвлэлээр дайралт хийж байна хэмээн буруутгаж, “Энд ямар ч хохирогч байхгүй, хэн ч хохироогүй” хэмээн мэдэгдэн өөрсдийн бизнесийн нэр хүндийг хамгаалж байна.