Жазз хөгжмийн нэрт төлөөлөгч Хэрби Хэнкокийн нэрэмжит хүрээлэн болон Францын Fondation Louis Vuitton сан хамтран олон улсын жазз дуулаачдын уралдааныг Францын Парис хотноо 10 дугаар сарын 11-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь 39 жилийн түүхэндээ анх удаа АНУ-аас гадна зохион байгуулагдсан нь энэ юм.
Ёслолын дараа жазз хөгжмийн ирээдүйн талаар асуухад домогт хөгжимчин Хэрби Хэнкок “Жаззын ирээдүй маш найдвартай гарт байгаа. Энэ тал дээр огт санаа зовох хэрэггүй” хэмээн онцолжээ.
Тэмцээний тэргүүн байрыг дуучин Малу Охейкс хүртэж, 50,000 ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Тэрбээр Жимми Дорсигийн “I’m Glad There Is You” болон Майкл Брекерийн “Madame Toulouse” бүтээлийг дуулжээ. Харин хоёрдугаар байрт Жоржиа Хирс шалгарч 25,000 ам.доллар, гуравдугаар байрт Люси-Энн Дэниелс шалгаран 10,000 ам.долларын тэтгэлэг авсан байна. Эдгээр тэтгэлэг нь залуу уран бүтээлчдэд коллежийн түвшний жазз боловсрол эзэмших болон мэргэжлийн хувийн сургалтад хамрагдах зардлыг санхүүжүүлэхэд туслах юм.
Оскарын шагналт жүжигчин Жереми Айронсын хөтлөн явуулсан тус арга хэмжээний үеэр алдарт бүрээч Артуро Сандовалд тусгай шагнал гардуулсан бөгөөд дэлхий даяар шууд дамжуулагдсан гала тоглолтод жазз урлагийн олон шилдэг уран бүтээлчид оролцжээ.