Колумбын нэрт дуучин Шакира Европын Мадрид хотод хийсэн тоглолтын цувралаа амжилттай өндөрлүүллээ. Түүний 10-р сарын 12-нд болсон 13 дахь буюу сүүлчийн тоглолтод Maluma, Bizarrap, Laura Pausini, Dani Martín, Beéle зэрэг алдартай уран бүтээлчид тайзан дээр хамтран гарчээ. Мөн Барранкильягийн карнавалын бүжигчид болон дроны үзүүлбэр үзэгчдийг баясгасан байна.
Шакира тоглолтын үеэр сэтгэл нь маш их хөдөлсөн харагдаж байсан бөгөөд “Энэ бүхэн надад зүүд шиг санагдаж байна, үнэндээ би эндээс явмааргүй байна. Испанийг дахин орхиж явах маш хэцүү байх болно” хэмээн үзэгчдэд сэтгэгдлээ хуваалцжээ. 10-р сарын 9-нөөс 12-ны хооронд дөрвөн өдөр дараалан үргэлжилсэн тус тоглолт нь Испанийн үндэсний баярын өдөртэй давхацсан юм.
Тэрбээр тайзан дээр Maluma-тай хамт “Chantaje”, “Agua” дуунуудаа дуулж үзэгчдийг догдлуулав. Шакира өөрийн карьерын хамгийн чухал төслүүдийн нэг болсон энэхүү тоглолтын үеэр аавынх нь биеийн байдал муудах зэрэг хувийн хүнд үеүдийг туулснаа ярьжээ. Шоуны продакшн болон цэнгэлдэхийн ойролцоо босгосон Macondo Park хотхоны бүтээн байгуулалтад 10,000 гаруй хүн ажилласныг тэрбээр дурдаж, баг хамт олон болон хамтран ажиллагч, экс найз залуу Антонио де ла Руад талархал илэрхийлсэн байна.
Түүнчлэн Италийн дуучин Лаура Паусини тайзнаа эргэн ирж, Шакиратай хамт “Antología” дууг дуулсан бөгөөд Шакираг залуу үеийн уран бүтээлчдэд том үлгэр дуурайл болж буйг онцолжээ.