Billboard Hot 100 жагсаалтыг хамгийн олон долоо хоног тэргүүлсэн амжилттай “Choosin’ Texas” дууны уран бүтээлч Элла Лэнгли Оклахома мужийн Талса хотод болох байсан тоглолтоо аюулгүй байдлын улмаас цуцалснаас хойш Техас мужийн Лаббок хотын тайзнаа эргэн гарлаа.
Талса хотын BOK Center орчимд бөмбөг дэлбэлэх заналхийлэл ирсэн тул баасан гарагт тоглолт эхлэхээс хэдхэн цагийн өмнө арга хэмжээг цуцалсан байна. Орон нутгийн хууль сахиулах байгууллага шалгалт хийж, заналхийлэл бодитой биш гэж тогтоосон хэдий ч тоглолтыг цуцлах шийдвэрийг хэвээр үлдээсэн байв.
Бямба гарагт United Supermarkets Arena-д болсон тоглолтынхоо үеэр Лэнгли уг шийдвэрийнхээ талаар үзэгчдэд хандан: “Энэ шоу та бүхэнд аюулгүй байж, дуугаа сонсоод тайван байх орчин бүрдэх нь чухал. Харин жаахан л эргэлзээтэй санагдвал би үүнийг хийхгүй. Учир нь хүний амь наснаас илүү үнэтэй концерт гэж үгүй. Би өчигдрийн гаргасан шийдвэрээ дахин 10 тэрбум удаа ч гаргахад бэлэн байна” хэмээн ярьжээ.
Одоогоор өөрийн цомгийнхоо хүрээнд “Dandelion Tour” аялан тоглолтоо үргэлжлүүлж буй тэрбээр сүсэг бишрэлийнхээ ачаар айдастаа авталгүй дараагийн тоглолтоо хийснээ онцолсон юм. Тэрбээр “Loving Life Again” дуугаа дуулахаас өмнө хүрэлцэн ирсэн шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлээд, айдаст авталгүйгээр хөгжим уран бүтээлээ туурвисаар байх болно гэдгээ мэдэгдлээ.