Хөлбөмбөг болон хөгжим нь үргэлж салшгүй холбоотой байсаар ирсэн билээ. Тэгвэл 2026 оны FIFA-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд хөгжмийн ертөнцийнхөн нэгдэж, тэмцээнийг чимэх олон дууг танилцууллаа.
Энэ жилийн ДАШТ-ий албан ёсны сүлд дуугаар Шакира болон Burna Boy нарын хамтран дуулсан “Dai Dai” нэртэй дуу сонгогджээ. Реггетон болон Афробит урсгалын хэмнэлтэй энэхүү уран бүтээл нь нийт 18 дуунаас бүрдэх, түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хөгжмийн төсөл болох “Official FIFA World Cup 2026 Album”-д багтсан байна. FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиногийн мэдэгдснээр, энэхүү цомог нь дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийг нэгтгэж, хөгжим болон хөлбөмбөгийн хүчээр фэнүүдийг холбох зорилготой ажээ.
Үүнээс гадна Бразилийн хөлбөмбөгийн домогт тамирчин Роналдиньо өөрийн нэрийн “Camisa 10” нэртэй цомгийг гаргасан байна. Энэхүү цомогт Шон Пол, Жастин Куилес, Луис Р.Конрикез, Ленни Таварез зэрэг одод оролцсон бөгөөд бүжгийн хөгжим, Мексик хэмнэл, писейро зэрэг олон төрлийн урсгалыг багтаажээ. Мөн Жэй Балвин, LISA, Карлос Вивес, Желли Ролл, Grupo Frontera болон The Rolling Stones хамтлаг зэрэг алдартай уран бүтээлчид хөлбөмбөгийн сэдэвтэй уран бүтээлүүдээрээ дамжуулан уг тэмцээнийг дэмжиж байна.
Billboard сэтгүүлээс энэ жилийн тэмцээнийг тохиолдуулан гаргасан хөлбөмбөгийн шилдэг дуунуудын жагсаалтыг гаргаад байна. Түүхэндээ анх удаа 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ нь Канад, Мексик, АНУ гэсэн гурван улсад зэрэг зохион байгуулагдаж байгаа билээ. Зургаадугаар сарын 11-нд эхэлсэн тэмцээний тоглолтууд АНУ-ын 11, Мексикийн гурав, Канадын хоёр хотод явагдаж байгаа бөгөөд аваргын төлөөх сүүлийн тоглолт долдугаар сарын 19-нд Нью-Жерси дэх MetLife цэнгэлдэх хүрээлэнд болох юм.