Хип хоп ертөнцөд хорь гаруй жилийн туршлагатай реппер 50 Cent саяхан *The Crew Has It* подкастад оролцох үеэрээ 2024 оны алдарт рэп сөргөлдөөний талаар санал бодлоо хуваалцжээ. Түүний үзэж буйгаар Кендрик Ламар болон Дрейк нарын дундах тулаанаас зайлсхийсэн нь реппер Жэй Коул (J. Cole)-ын хувьд хамгийн том алдагдал болсон гэнэ.

Тэрбээр хөтлөгч Эндрю Шульцад хандан: "Өрсөлдөх нь хип хоп соёлын салшгүй нэг хэсэг гэж би боддог. Хамгийн том алдаа бол өрсөлдөөнөөс өөрөө татгалзах явдал юм. Жэй Коул хамгийн их хохирол амссан гэж би бодож байна" хэмээн ярьжээ. Хэдий тийм боловч тэрээр Коулыг хип хопын уламжлалт бус боловч өөрийн гэсэн өвөрмөц, энгийн хэв маягаа хадгалж чаддаг хэмээн магтсан байна. Тэрээр Жэй Коул хэт үнэт эдлэл зүүдэггүй, студи рүүгээ дугуйгаар явдаг зэрэг энгийн байдлыг нь онцолжээ.

Жэй Коул 2024 оны дөрөвдүгээр сард "7 Minute Drill" дуугаараа Кендрик рүү дайралт хийсэн ч хэдэн долоо хоногийн дараа Dreamville Fest фестивалийн тайзан дээр Кендрикээс уучлалт гуйж, уг дуугаа хөгжмийн платформуудаас устгаснаар тулаанаас албан ёсоор гарсан юм. Ингэснээр Дрейк болон Кендрик Ламар нар хоорондоо шууд сөргөлдөх зам нээгдсэн билээ.

Харин Дрейкийн хувьд 50 Cent тулаанд ялагдсаныг нь хүлээн зөвшөөрсөн боловч бодит амьдрал дээр Дрейк юу ч алдаагүй гэж үзэж буйгаа хэлжээ. Тэрээр Дрейктэй Канадад уулзаж байхдаа юу алдсаныг нь асуухад Дрейк "Юу ч алдаагүй" гэж хариулсан тухай хуваалцсан байна. Үүний баталгаа болгож Дрейк тавдугаар сард *ICEMAN*, *HABIBTI*, *MAID OF HONOUR* гэсэн гурван цомгоо зэрэг гаргаж, Billboard 200 жагсаалтын эхний гурван байрыг нэгэн зэрэг эзэлсэн түүхэн дэх анхны уран бүтээлч болсныг дурджээ.