Алдарт реппер A$AP Rocky хамгийн сүүлд 2018 онд гаргасан "TESTING" цомгоос хойш бараг найман жилийн дараа "Don't Be Dumb" нэртэй шинэ цомгоороо эргэн ирсэн байна. Нэгдүгээр сард гарсан энэхүү цомог нь Billboard 200 жагсаалтыг тэргүүлснээр түүний сүүлийн арван жилийн хугацаан дахь анхны шилдэг цомог болсон юм.

Өдгөө гурван хүүхдийн эцэг болж, Рианнагийн хамтрагч болсон тэрбээр Европ дахь аялан тоглолтоо Грек улсад өндөрлүүлснийхээ дараа Billboard сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр өмнө нь Грэммийн шагналд гурван удаа нэр дэвшиж байсан ч шагнал хүртэж чадаагүй бөгөөд энэ удаад Грэммийн шагнал хүртэхийг маш их хүсэж, үүний төлөө шаргуу ажилласнаа онцолсон байна.

Түүнчлэн уран бүтээлч төлөвлөсөн ажлуудынхаа хүрээнд "Disc 2" нэртэй хувилбараа гаргахаар бэлтгэж байна. Энэхүү ажлын эхлэл болгож 10-р сарын 16-ны Баасан гарагт "Mushroom Clouds" дуугаа цахим платформуудад цацахаар төлөвлөжээ. Реппер залуу тайзан дээр эргэн ирж, хөгжмийн салбарт өөрийн нөлөөгөө хадгалсаар байгаадаа баяртай буйгаа ярилцлагадаа дурджээ.