Хүүхдийн энтертайнмент салбарын томоохон төлөөлөл болох “El Reino Infantil” брэндийн толгой компани “Leader Entertainment” нь дэлхийн хөгжмийн томоохон компани “Sony Music Publishing”-тэй стратегийн шинэ түншлэл байгуулснаа аравдугаар сарын 5-нд зарлалаа. Энэхүү гэрээний хүрээнд Sony Music Publishing нь тус брэндийн хөгжмийн бүрэн каталогийн эрхийг дэлхий даяар хариуцан ажиллахаар болж байна.

“Leader Entertainment”-ийн Стратеги хариуцсан захирал Мишель Пумар энэхүү хамтын ажиллагаа нь тэдний чадавхыг бэхжүүлж, шинэ контент бүтээх болон олон улсын түвшинд хүрээгээ тэлэх шинэ боломжуудыг нээнэ гэж мэдэгджээ. Мөн “Sony Music Publishing”-ийн Өмнөд бүсийг хариуцсан удирдах захирал Оскар Гальван Аргентин болон Мексик дэх мэргэжлийн багуудаараа дамжуулан энэхүү хөгжмийн каталогийн цар хүрээг улам өргөжүүлэхийг зорьж буйгаа онцолсон байна.

2011 онд анх эхэлсэн “El Reino Infantil” нь Music Business Worldwide-ийн мэдээлснээр YouTube дээрх 64 сувгаараа нийт 240 сая гаруй захиалагч, 180 тэрбум орчим үзэлт цуглуулсан томоохон сүлжээ юм. Түүний санд “La Granja de Zenón”, “Bichikids”, “Canciones del Zoo”, “Familia Blu” болон “Paco el Marinero” зэрэг цувралууд багтдаг.

Тус брэндийн контентууд нь нийт 11 хэлээр гардаг ба YouTube, стриминг, телевиз, видео тоглоом болон амьд тоглолтууд зэрэг олон төрлөөр хэрэглэгчдэд хүрдэг байна. Түүнчлэн тэдний тайзны шоунууд дэлхийн 20 гаруй оронд 800 гаруй удаа тоглогдож, 1.5 сая орчим тасалбар борлуулжээ.