Шведийн алдарт ABBA хамтлагийн гишүүн, CISAC-ийн ерөнхийлөгч Бьорн Ульвеус НҮБ-аас зохион байгуулсан "AI for Good" дэлхийн дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Энэ технологи хэнд хэрэгтэй вэ?" гэсэн асуултыг тавиад, технологийн дэвшлийн явцад хүний бүтээлч байдлыг үл тоомсорлохгүй байхыг уриаллаа.
Бьорн Ульвеусын үзэж буйгаар, хиймэл оюун ухаан нь уран бүтээлчдийн бүтээл дээр суурилан хөгжиж байгаа тул тэднийг зөвхөн ажиглагч биш, харин түншүүд гэж үзэх ёстой аж. "Бидний бүтээл эдгээр систем дотор амьдарч байгаа бөгөөд тэдгээр нь бидний оролцоогүйгээр бүтээгдэх боломжгүй байсан. Тиймээс уран бүтээлчид хэлэлцээрийн ширээний ард суух эрхтэй" хэмээн тэрээр мэдэгджээ. Тэрээр хиймэл оюун ухааны загварууд нь дууг хуулбарладаг бус, харин асар их мэдээлэл дээр суралцаж, шинэ зүйл бүтээдэг тул уран бүтээлчдэд сургалтын үйл явцын төлөө нөхөн олговор олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн тэрээр хиймэл оюун ухааныг эсэргүүцэгч биш гэдгээ тодотгосон юм. Тухайлбал, ABBA хамтлаг өөрсдийн "ABBA Voyage" шоунд хөдөлгөөн таних болон суралцах технологийг ашигласан. Гэхдээ энэ нь зөвшөөрөл дээр суурилсан бөгөөд уран бүтээлчид өөрсдөө оролцож, хяналтаа тавьсан учраас энэ нь "сайн талын" технологийн жишээ болно гэж тайлбарлав.
"Технологи нь уран бүтээлчдийн хийсэн ажлыг үгүй хийхгүй, тэдний зөвшөөрөл, оролцоотойгоор хөгжиж байвал л сайн технологи болно" гэж Ульвеус онцоллоо. Уран бүтээлчид нь хуульчдын шийдвэрлэх асуудал эсвэл саад бологч биш, харин энэхүү технологийн үр шимийг хүртэгч түншүүд байх ёстой гэдгийг тэрээр дахин сануулсан байна.