Шведийн алдарт ABBA хамтлагийн гишүүн Бьёрн Ульвеусын санаачилсан “Mamma Mia! The Party” нэртэй театрчилсан оройн зоогийн арга хэмжээ ирэх жилүүдэд Австралид хүрэхээр болжээ. Тодруулбал, уг шоуны Австрали дахь нээлт 2027 оны гуравдугаар сард Сидней хотын “Sydney Event Centre at The Star”-д болохоор товлогдсон байна.

Энэхүү арга хэмжээ нь “Mamma Mia!” киноны зураг авалт хийгдсэн Грекийн Скопелос арлын уламжлалт зоогийн газрын (таверн) уур амьсгалыг тайзнаа бүрдүүлж, ирсэн зочдод Газар дундын тэнгисийн хоол зооглох боломж олгодог өвөрмөц шийдэлтэй юм. Үүний зэрэгцээ 20 хөгжимчин, жүжигчдээс бүрдсэн бүрэлдэхүүн амьд хамтлагтай хамтран ABBA-гийн хит дуунуудыг дуулж амилуулах аж. Үдшийн төгсгөлд танхим 1970-аад оны диско клуб болж хувирах бөгөөд үзэгчид “Dancing Queen” дуун дээр хамтдаа бүжиглэх боломжтой болно.

Сидней нь Стокхолм болон Лондон хотуудын дараа уг шоуг зохион байгуулж буй гурав дахь хот юм. Одоогоор 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Стокхолм, долоо дахь жилдээ үргэлжилж буй Лондоны тоглолтууд нийлээд 1,500 гаруй удаа тайзнаа гарч, 700,000 гаруй үзэгч, зочдыг хүлээн авчээ.

Уг бүтээлийг Бьёрн Ульвеус, “Pophouse Entertainment” болон Австралийн “TEG Dainty” компаниуд хамтран продюсерлэж байгаа юм. “TEG Dainty”-гийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Пол Дэйнйти нь тэртээ 1977 онд ABBA-гийн Австрали дахь цорын ганц аялан тоглолтыг зохион байгуулж байсан түүхтэй. Австралид хамтлагийн бүтээлүүд олон жилийн турш өндөр амжилт үзүүлсээр ирсэн бөгөөд 2021 онд гарсан “Voyager” цомог ч тус улсын ARIA чартыг тэргүүлж байв.

Сиднейд болох энэхүү тоглолтын тасалбар 11 дүгээр сарын 12-ны пүрэв гарагт худалдаанд гарах бөгөөд сонирхсон үзэгчид албан ёсны сайтаар дамжин хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой байна.