Хүйтний улиралд дулаан хөнжилдөө тухлан цахим ном уншихад гараа гаргаж хуудас эргүүлэх нь төвөгтэй байдаг. Энэхүү асуудлыг шийдэх цахим ном уншигчийн алсын удирдлагуудын зах зээл сүүлийн үед ихээхэн эрэлттэй болоод байсан бөгөөд Kobo болон Boox зэрэг брэндүүд өөрсдийн төхөөрөмжид тохирох удирдлагыг аль хэдийн гаргаад байв. Тэгвэл Amazon компани энэ төрлийн зах зээлд өөрсдийн албан ёсны шийдэл болох Kindle Click удирдлагыг танилцууллаа.

Kindle Click-ийн онцлог, боломжууд

Kindle Click нь төхөөрөмжтэй Bluetooth-ээр холбогддог бөгөөд дэлгэц дээр тогтоодог тусгай хавчуурга ашигладаггүй тул дэлгэцийн харагдах орчныг халхлахгүй давуу талтай. Уг удирдлага нь хуудас урагш, хойш эргүүлэх хоёр товчлууртай ба аль товчлуур ямар үйлдэл хийхийг Kindle төхөөрөмжийнхөө тохиргооноос өөрчлөх боломжтой юм. Үүнээс гадна хажуу талдаа дэлгэцийн гэрлийн түвшнийг тохируулах хоёр товчлууртайгаараа онцлог юм.

Төхөөрөмжийг холбохдоо гэрэл цэнхэр өнгөөр анивчих хүртэл аль нэг товчлуурыг удаан дарж, Kindle-ийнхээ Bluetooth тохиргооноос хайж холбоно. Удирдлага нь байнгын холболттой байх ба дурын товчлуур дээр даран сэрээж ашигладаг байна.

Тохирох төхөөрөмж ба үнэ

Энэхүү төхөөрөмж нь USB-C оролтоор цэнэглэгддэг, гарт барихад хөнгөн бөгөөд багцандаа бугуйвч оосортой ирдэг байна. Kindle Click нь 2024 он болон түүнээс хойш худалдаанд гарсан бүх Kindle төхөөрөмжтэй ажилладаг.

Уг удирдлага нь 34.99 ам.долларын үнэтэй бөгөөд Amazon-оор худалдан авах боломжтой байна.