АНУ-ын худалдааны томоохон платформ болох Amazon-ы албан ёсны Black Friday хямдрал ирэх сард эхлэх хуваарьтай байгаа ч одооноос зарим төхөөрөмжийнхөө үнийг бууруулж эхэлжээ. Одоогоор тус компанийн зарим бүтээгдэхүүн 70 хүртэлх хувийн хямдралтай худалдаалагдаж байна.

Энэ оны наймдугаар сард хэд хэдэн төхөөрөмжийнх нь үнэ өссөн ч одоогийн хямдралаар Fire TV Stick, Echo болон Fire таблетууд хямд үнээр санал болгогдож байна.

Хямдарсан гол бүтээгдэхүүнүүд

Есдүгээр сард шинээр гарсан Amazon Fire TV Stick 4K төхөөрөмжийг купон ашиглан 19.99 ам.доллароор авах боломжтой байгаа нь одоогоор бүртгэгдсэн хамгийн хямд үнэ болж байна. Энэхүү шинэ загвар нь Vega 2.0 үйлдлийн системтэй, 8GB багтаамжтай, 1.7GHz дөрвөн цөмт процессортой бөгөөд 2000 гаруй нэмэлт аппликэйшнийг дэмждэг болжээ. Мөн өмнөх Fire TV Stick 4K Select загвар 14.99 ам.доллар, Fire TV Stick HD загвар 17.99 ам.доллар болж тус тус хямдарсан байна.

Түүнчлэн ухаалаг чанга яригч Echo Dot Max 30 ам.доллароор хямдарч, 89.99 ам.доллар болсон бол Amazon Fire HD 10 таблет 82 ам.доллароор хямдарч 72.99 ам.доллароор зарагдаж байна.

Харин Kindle, Fire TV зурагт болон Blink камер зэрэг бусад төхөөрөмжүүд одоогоор үндсэн үнээрээ худалдаалагдаж байна гэж Mashable мэдээллээ.