Технологийн томоохон компани болох Apple ухаалаг гэрийн зах зээлд өрсөлдөх зорилгоор хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ албан ёсоор зарлалаа. Үүнд тэдний анхны ухаалаг дэлгэц болох Apple HomeView, хоёр дахь үеийн HomePod mini, дөрөв дэх үеийн Apple TV 4K, мөн LG Electronics болон Schneider Electric компаниудтай хамтран бүтээсэн камер, термостат, хаалганы цоож бүхий Apple Home Collection багтжээ.
Эдгээр бүх шинэ бүтээгдэхүүний гол цөм нь шинэчилсэн Siri AI систем юм. Apple Foundation Models дээр суурилсан уг хиймэл оюун ухаан нь ертөнцийн өргөн мэдлэгтэй, хувийн контекстийг ойлгодог бөгөөд илүү амьд харилцан яриа өрнүүлэх чадвартай аж. Харин сонирхолтой нь шинэ HomePod mini 2 төхөөрөмж дээр уг Siri AI нь шууд гарахгүй, дараагийн шинэчлэлтээр нэмэгдэхээр байна.
Шинэ HomeView ухаалаг дэлгэц
Танилцуулагдсан бүтээгдэхүүнүүдийн онцлох нь 7 инчийн Liquid Retina дэлгэцтэй, зэвэрдэггүй ган нугастай Apple HomeView төхөөрөмж байв. Энэхүү ухаалаг дэлгэц нь 6 хүртэлх хүний нүүр царайг таньж, хүн бүрд зориулсан үндсэн дэлгэцийг харуулдаг. Мессеж, хуанли зэрэг хувийн мэдээллийг зөвхөн тухайн хэрэглэгч танигдаж, ойролцоо байгаа түгжээ нь гарсан iPhone эсвэл iPad-тай холбогдсон үед л харуулах зохицуулалттай.
HomeView нь 299 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах ба хананд тогтоогч хувилбар нь мөн ижил үнээр зарагдана. АНУ, Канад, Их Британи зэрэг орнуудад урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 13-наас хэрэглэгчдийн гарт хүрнэ. Харин Европын Холбоонд Siri AI одоогоор iOS дээр ажиллахгүй байгаа тул тэнд худалдаалагдахгүй ажээ.
Шинжээчдийн таамаглаж байсан M6 чиптэй MacBook-үүд энэ удаад танилцуулагдсангүй. Bloomberg-ийн Марк Гурманы мэдээлснээр уг зөөврийн компьютерууд 10-р сардаа багтан гарахаар хүлээгдэж байгаа юм. Amazon болон Google давамгайлж буй ухаалаг гэрийн салбарт Apple ийнхүү Siri AI-тай хүчтэй орж ирж байна.