Технологийн томоохон компани болох Apple мягмар гарагт ухаалаг гэрийн зах зээлд өрсөлдөх зорилгоор дөрвөн шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмжийг албан ёсоор зарлалаа. Энэхүү мэдэгдлийн хүрээнд Apple HomeView нэртэй шинэ ухаалаг дэлгэц, хоёр дахь үеийн HomePod mini 2, дөрөв дэх үеийн Apple TV 4K болон LG Electronics, Schneider Electric нартай хамтран бүтээсэн ухаалаг камер, термостат, хаалганы цоож бүхий Apple Home Collection багцыг дэлгэсэн байна.

Шинээр гарч буй бүх төхөөрөмжүүдийн гол цөм нь шинэчилсэн Siri AI систем юм. Apple Foundation Models дээр суурилсан уг хиймэл оюун ухаан нь ертөнцийн өргөн мэдлэгтэй, хувийн контекстийг ойлгодог, илүү амьд харилцан яриа өрнүүлэх чадвартай болжээ. Гэсэн хэдий ч HomePod mini 2 төхөөрөмжийн хувьд Siri AI систем нь шууд гараагүй бөгөөд дараагийн шинэчлэлтээр орж ирэхээр төлөвлөгджээ.

HomeView: Гэр бүлийн гишүүдийг таньдаг ухаалаг дэлгэц

Танилцуулгын гол бүтээгдэхүүн болох HomeView нь 7 инчийн Liquid Retina дэлгэцтэй бөгөөд зэвэрдэггүй ган нугасаар холбогдсон дугуй суурьтай спикертэй. Уг дэлгэц нь 6 хүртэлх хүний царайг таньж, хүн тус бүрд зориулсан апп, виджет бүхий дэлгэцийг харуулдаг онцлогтой. Messages, Calendar зэрэг хувийн мэдээллүүд нь зөвхөн тухайн хүнийг царайгаар таньж, холбогдсон iPhone эсвэл iPad нь ойрхон бөгөөд түгжээ нь гарсан үед л харагдах юм.

HomeView нь мөнгөлөг, starlight, ягаан (rose pink), саарал (space gray) өнгөний сонголттой ба 299 ам.долларын үнэтэй худалдаанд гарч байна. Мөн хананд бэхэлдэг загвар нь мөн адил 299 ам.долларын үнэтэй бөгөөд Schneider Home-ийн гурван төрлийн тогтоогчийг сонгох боломжтой (Power Mount USB-C: $59.95, AC Wired: $79.95, 2027 оны эхээр гарах PoE Wired: $129.95).

Зах зээлийн өрсөлдөөн ба борлуулалт

Bloomberg-ийн Марк Гурманы мэдээлснээр, Apple компани хиймэл оюун ухааны давалгаанд бэлтгэл дутмаг байсан тул өмнө нь Amazon болон Google-д орхисон байсан ухаалаг гэрийн салбарт ийнхүү хүчтэй түрэн орж ирж байгаа аж. Олон хүний хүлээж байсан M6 чиптэй MacBook-үүд энэ удаагийн танилцуулгад багтаагүй ч аравдугаар сард гарна гэж Гурман тэмдэглэжээ.

HomeView-ийн урьдчилсан захиалга АНУ, Канад, Их Британи, Австрали, Энэтхэг, Шинэ Зеландад эхэлсэн бол Сингапурт аравдугаар сарын 15-нд эхэлж, арваннэгдүгээр сарын 13-наас хэрэглэгчдэд хүрэх юм. Харин Европын Холбоонд Siri AI одоогоор iOS дээр гараагүй байгаа тул HomeView худалдаалагдахгүй бөгөөд Apple тус холбоотой шийдэл олохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.