“The Lord of the Rings: The Rings of Power” цувралын гуравдугаар улирал тун удахгүй буюу 11 дүгээр сарын 11-ний лхагва гарагт нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна. Хоёрдугаар улирлын үйл явдлаас хэдэн жилийн дараа өрнөх шинэ улиралд Саурон болон элфүүдийн хоорондох дайн үргэлжилж, Харанхуйн эзэн Нэг Бөгжийг урлаж дуусгахаар зэхэж буйг харуулах аж.

Гэвч энэ удаагийн улиралд зөвхөн тулаан бус, Галадриэль болон Келеборн нарын хайрын түүх гол байр суурийг эзэлнэ гэдгийг тус цувралын хөгжмийн зохиолч Беар МакКрири (Bear McCreary) онцоллоо. Тэрээр энэхүү дүрүүдийн сэтгэл хөдөлгөм харилцаанд зориулж “Morning Shall Come” хэмээх шинэ дууг Норвегийн алдарт дуучин, ая зохиогч AURORA-тай хамтран бүтээсэн байна.

Беар МакКрири энэхүү хамтын ажиллагааны талаар ярихдаа, “Толкины зохиолын ертөнцөд AURORA-гаас илүү тохирох хоолойг төсөөлөх аргагүй байсан” хэмээн дурджээ. Харин дуучин AURORA хүний дотоод сэтгэлийн гэрэл ба харанхуй, зөөлөн хийгээд хатуу шинж чанарын тэнцвэрийг харуулахыг зорьсон тухайгаа хуваалцсан байна.

Шинэ улиралд жүжигчин Жэйми Кэмпбелл Бауэр (Jamie Campbell Bower) Келеборны дүрд шинээр нэгдсэн бөгөөд Галадриэлийн дүрийг бүтээгч Морфидд Кларк түүнтэй хамтран ажиллах таатай байсныг онцолсон юм.

Цувралын шинэ улирлын албан ёсны нээлтээс өмнө буюу 11 дүгээр сарын 6-ны баасан гарагт “Morning Shall Come” дууны клипийг Amazon Music платформоор цацахаар товложээ.