Интернэт орчинд «creepypasta» хэмээн алдаршсан аймшгийн түүхүүд болон найруулагч Кэйн Парсонсын вэб цувралаас сэдэвлэсэн «Backrooms» киноны Blu-ray болон 4K хувилбар удахгүй худалдаанд гарахаар болжээ. YouTube платформ дээр богино хэмжээний кино хийж олонд танигдсан, 20 настай найруулагч Кэйн Парсонсын бүтээл нь Холливудын зах зээлд амжилттай байгаа юм.

Киноны энэхүү тусгай хувилбарт гурван цаг орчим үргэлжлэх онцгой нэмэлт контентууд багтсан байна. Үүнд «Everything Must Go» нэртэй нэмэлт дүрс бичлэгүүд, найруулагч болон багийнхны тайлбар, кино бүтээх үйл явцыг харуулсан шинэ баримтат кино, VFX буюу тусгай эффектүүдийн задаргаа, Кэйн Парсонсын тайлбартай тавилгын дэлгүүрийн танилцуулга болон зургаан ширхэг цуглуулгын ил захидал багтжээ.

Киноны гол дүрд Чиветел Эжиофор тавилгын дэлгүүрийн эзний дүрийг бүтээсэн бол Ренате Рейнсве түүний сэтгэл зүйчийн дүрд тоглосон юм. Тэд дэлгүүрийн подвалаар дамжин хязгааргүй үргэлжлэх өөр нэгэн хэмжээст ертөнцийг олж нээдэг тухай өгүүлдэг.

Найруулагч Парсонс өөрийн Discord сувгаар дамжуулан энэ хувилбарын талаарх хэрэглэгчдийн асуултад хариулахдаа, энэ нь зөвхөн зураг авалтын ард талын бичлэг эсвэл киноны дахин засварласан хувилбар биш гэдгийг онцолсон байна. Тэрээр YouTube-ийн цувралыг нь сонирхдог хүмүүст энэхүү нэмэлт контент илүү таалагдах болно гэдгийг ч дурджээ.

Өмнө нь тус киноны 15 минутын нэмэлт дүрс бүхий «Everything Must Go» тусгай хувилбар гарах тухай мэдээлэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар Blu-ray болон 4K хувилбаруудыг A24 дэлгүүрээр дамжуулан урьдчилан захиалах боломжтой болсон байна. Эдгээр хувилбарууд ирэх наймдугаар сард хэрэглэгчдийн гарт очих ажээ.