Дэлхий даяарх хүүхэд залуусын дуртай “Тоглоомын Түүх” хүүхэлдэйн киноны шинэ ангид гэнэтийн зочин оролцохоор болжээ. Пуэрто Рикогийн супер од, рэппер Bad Bunny алдарт хүүхэлдэйн киноны тавдугаар ангид ярьдаг пиццаны дүрийг бүтээхээр болсон тухай NME мэдээллээ.

Bad Bunny (жинхэнэ нэр нь Бенито Антонио Мартинес Окасио) нь сүүлийн үеийн хамгийн том хит дуунууд болон дэлхийг байлдан дагуулсан тоглолтуудаараа олонд танигдсан. Тэрээр зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй жүжигчний хувиар ч өөрийгөө сорьж байгаа билээ.

“Тоглоомын Түүх 5”-д Bad Bunny-гийн бүтээх пиццаны дүр нь хаягдсан тоглоомуудын жижигхэн, хүчирхэг бүлгийн гишүүн байх бөгөөд тэд эзэнгүй хашааны саравчинд амьдардаг гэнэ. Киноны үйл явдал болон бусад дүрүүдийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ч энэ удаагийн анги өмнөх ангиудаас дутахааргүй хөгжилтэй байх болно гэдэгт итгэлтэй байна.

“Тоглоомын Түүх” цуврал нь 1995 онд анх дэлгэцнээ гарч, тэр цагаас хойш үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ. Энэхүү хүүхэлдэйн кино нь тоглоомууд амьтай, эзэнгүй үедээ тэдний адал явдлууд хэрхэн өрнөдөг тухай өгүүлдэг бөгөөд үнэнч нөхөрлөл, хайр, гэр бүлийн үнэ цэнийг харуулснаараа онцлог юм.